Монос цэцгийн амралт

Монос цэцгийн амралт

Сайн байцгаана уу?  Баянгол эко амралтын зүгээс та бүхэндээ сонирхолтой аялал, хөтөлбөрийг танилцуулсаар байгаа билээ. Өнгөрсөн сарын эхээр Хусны шүүс уух болон Далийн ягаан цэцгэнд суух аялалыг танилцуулсан.

Харин энэ удаа та бүхний уушиг, цээжийг онгойлгох моносны анхилам сайхан цэцгэнд сууж алжаал тайлах боломжыг олгож байна.

МОНОС – / PADUS ASIATICA /

Монос нь сарнай овогт багтдаг. Дэлхий дээр хэд хэдэн төрлийн монос ургадгаас манай оронд Азийн монос тархсан байдаг.
Монос хавар эрт бусад мододоос түрүүлж цэцэглэхийн дээр чийглэг хөрсөнд илүү сайн ургадаг, мөн хүйтнийг маш сайн тэсвэрлэдэг.

Монос анхилам сайхан үнэр бүхий цагаан цэцэгтэй.

Тэрээр жил бүр цэцэглэдэг хэдий ч хаврын сүүлчийн хүйтрэлтээр цэцэг нь хөлдөх тул үр жимсний хэмжээ жил жилд харилцан адилгүй байдаг. Монос чимэглэлийн болоод эмийн чухал ургамал мөн.

Тэрээр агаар дахь нянг фитонцидийг навчнаас ялгаруулж агаарыг цэвэршүүлэхээс гадна хүний биеийн уушиг болон амьсгалын эрхтэнд сайн нөлөөтэй.

Мөн төрөл бүрийн модон эдлэл чимэглэл хийгдэхэд ашиглагдахаас гадна түүний холтосноос ногоон, хүрэн, улаан өнгийн будаг гаргаж авдаг.

Монос нь балт ургамал, цэцэглэлтийнхээ үеэр зөгийн бэлчээрт тун тохиромжтой.

Хавар эрт монос дун цагаан цэцгээр бүрхэж орчиндоо анхилам сайхан үнэр түгээнэ. Намар хяруу унаж сэрүүн болох үеэр навчны өнгө хувирч улаан ягаан болох тул хус, агч, улиас зэрэг шаргал навчтай модны өнгө талаар тарихад чимэглэлийн содон өнгө төрхийг харуулна.